Би 2 ч хүрэхгүй насны зөрүүтэй нэг эрэгтэй дүүтэй. Намайг ухаан орох үед тэр миний хажууд байж л байсан, түүнийг ухаан орох үед би ч хажууд байж л байсан. Насны зөрүү гэхээр юмгүй болохоор тэр намайг аль хэлд орохоосоо л “чи” гэж дуудаж дадсан. Ерөнхийдөө бол бид саяхныг хүртэлх бүхий л ухамсарт амьдралаа хамтдаа өнгөрүүлсэн эгч дүүс.

Биднийг нэлээн жаахан байхад ээж аав 2 амьдралаа дээшлүүлэхээр бусад гэр бүлүүдийн л адил харь орныг зорьж байлаа. Эмээ өвөө нарынхаа гар дээр өссөн хүүхдүүд гэж болно. Ээж ааваасаа хол, эмээ өвөөгийн буянд бараг л газар гишгэлгүй өнгөрүүлсэн тэр хэдэн жил хүүхэд насны минь хамгийн сайхан дурсамжуудын нэг. Бидний хувьд хоёр өөр хүйстэй юм болохоор сонирхох зүйл, хийх ажил, хүсдэг хүсэл бүгд л өөр байсан ч яг хүүхэд байхдаа бол нэг их муудалцаж, зодолддоггүй байлаа. Яах вэ, төрөлхийн өгөгдлөөрөө ч тэр юмуу, хурган эгчирхэх гэсэндээ ч юмуу, арай муухай ааштай нь би байв. Багадаа хааяа нэг түнжин хагарах үедээ “Хүзүүнээс нь чулуу зүүгээд далайруу шидчих юм сан” гэж хэлж байсан нь хамаатнуудын дунд тун алдартай түүх болж үлдсэн юм. Харин ээжийг эх орондоо ирэх үетэй зэрэгцээд бидний шилжилтийн нас ч удалгүй эхэлж юм л бол зодолдчих гээд л байдаг боллоо. Яаж хажуугаар нь гарахдаа ч агшныг алдалгүй жаахан илүү өвтгөж, хорон үгээр шарыг нь малтаж, уйлах үед нь бахархалтайгаар харан инээн зогсох вэ л гэж бодно. Энэ үед бие биеэ ер нь л үзэхгүй шүү. Ээж “Та нар газар дээр хоёулахнаа байж, юунд бие биеэ…” гээд л үглэж, хааяа нэг цохиж, бололцоогоороо салгах гэж оролдоно. Ямартай ч энэ муудалцаан нь өдөр өдрөөр л гайгүй болно уу гэхээс тухайн үедээ эвлэрч дийлэхгүйгээ хэн хэн нь мэднэ.

Үүнээс хойш барагцаалбал би 18, тэр 16 хүрсэн үеэс бүх зүйл аяагаараа өөрчлөгдөв. Цаанаасаа л бие биеэ ойлгож, хамтдаа зарим нэг зохицуулалтыг ээж ааваас мэдэгдэхгүйгээр хийж, найзуудтай нь дотно найзлахгүй гэхэд дажгүй сайхан холбоотой байж, нэгийнхээ яриаг анхааралтай сонсож, яаралтай үед нэгийгээ асуудлаас авч гардаг болж ер нь л багийн шинжтэй болж ирлээ.

20 гарсан үеэс бол түвшин бүр ч ахиж жинхэнэ найзууд болох нь тэр. Ингээд бичихээр хосын замнал ч эгч дүүс, ах дүүсийнхтэй адилхан байдаг бололтой. Эхлээд чухам хамт тоглоод л, бие биедээ ханьтай сайхан байдаг, харин дараа нь харахаар л уур хүрэм-дургүйг чинь тултал хүргэдэг нэгэн болж, юм л бол хэрүүл зодоон хийдэг болно, энэ үеэ даваад гарсны дараа бие биеэ илүү ойлгож, “миний дөө, миний эгчээ” гэж нялуурахгүй ч өмнөхөө бодвол нэгэндээ дургүй байхаа больж нэг ёсондоо тавилантайгаа эвлэрч эхэлнэ. Харин энэ үеийн дараа үнэхээр өөр хоорондоо бүрэн ойлголцож, муудалцсан ч тэр нь асуудал биш болж нэг нэгнээ уучилж сураад, чин сэтгэлээсээ дэмждэг болоод, барьцана, атаархана гэдгийг бүр мартаад алтан хамтрагчид, “нэг гэр бүл” болно. Тэр миний найз, зөвлөгч, шүүмжлэгч, жолооч, ачигч, хамгаалагч билээ.

20 насны дунд хавьд явж буй сүүлийн хэдэн жилд бол “Ямар азаар би ганцаараа биш юм бэ, надад тэр байгаа нь ямар их аз вэ” гэж чин сэтгэлээсээ ээж аавдаа талархдаг болсон. Харин ч бүр давраад өсөхийн цагт 2 хүүхэд чинь их бага байдаг юм байна, ядаж 3-уулаа, болж өгвөл 4-үүлээ байсан бол гэж хүртэл бодож, одоо нэгэнт бүтэхээсээ өнгөрсөн энэ гэмгүй шуналаа “уламжилна” гээч. Хосуудыг бодвол сална барина гэхгүй, сонголтгүйгээр хамт амьдардаг, бие биедээ дургүй гэх үедээ ч эрх биш нэг цустай юм болохоор ертөнцийн ямар нэг нандин холбоо хэлхээгээр холбогдож хоёр арван гаруй хугацааг бид нэг баг болох гэж л ийн хамтдаа өнгөрүүлжээ.

Өмнө нь “Ирээдүйд дүү минь гэр бүлтэй, би ч гэр бүлтэй болж одоогийнх шиг ингээд байнга хамтдаа амьдрахгүй” гэдгийг зөнгөөрөө мэддэг байсан авч тулаад ирэхэд эгчийн хувиар үүнд ямар ч бэлтгэлгүй байдаг мэт. “Би тусдаа гарна, гэр бүлтэй болно” гэсэн сайхан талыг нь л бодож төсөөлдөг байснаас биш ийм нэг бодит, жинхэнэ, үнэн мэдрэмж энэ төрлийн төсөөлөлд багтдаггүй аж.

Шууд хэлэхэд эр өсөж эсгий сунажээ. Бид 2 хэдийн нас биед хүрсэн тул өөрийн гэсэн орон байрны асуудал сүүлийн жилүүдэд хүчтэй яригдах болсон нь эхнээсээ бодит биеллээ олж, бидний хамтдаа нэг гэрт өнгөрүүлэх хугацаа хэдхэн долоо хоногийн өмнө дууссан юм. Тэр минь түрүүлээд тусдаа гарлаа. “Байр авна” гээд гэр бүлээрээ хөөрцөглөж гүйсэн тэр үест ч ийм зүйл мэдрэхээ бүрэн ойлгоогүй явжээ. Бүр байраа авчихаад “баяр хүргэе” гээд тэврэхдээ ч энэ талаар бодож байсангүй.1 сар үргэлжилсэн бичиг цаас, зээлийн гэрээ, нүүдэл суудлын асуудал дуусаад нэг л өдөр айлын ганц хүүхдийн журмаар орноосоо боссон тэр өглөө ёстой л сэтгэл дотроо “эморлыг” утгаар нь мэдэрсэн юм. Нэг л тийм гунигтай, гомдолтой, харуусалтай, хоосон, гэхдээ сэтгэл хангалуун тийм нэг мэдрэмж.

Том болох ийм амархан юмуу, ах дүүтэйгээ гэр бүлээрээ хамтдаа амьдрах хугацаа ийм богино байдаг юм гэж үү? Одоо ингээд ахиж дүүтэйгээ хамт амьдрахгүй нь байна шүү дээ… ийм богинохон байдгийг мэдсэн бол илүү гоё байх байж… иймэрхүү л бодол төрсөн. Ерөөс “би үлдчихлээ, дүү эхлээд тусдаа гарчихлаа” ч юмуу тийм атаархлын бодол зий ч төрөхгүй. Дүүдээ хамгийн гоё зүйлсийг өгч, ээж аавын сэтгэл зүйг “Одоо хүү нь тусдаа гарсан шүү, түүнээс зууралдаж, байн байн нялуурахгүй шүү” гэдгийг зөөлнөөр ойлгуулан, алхам алхмаар нөлөөлөх замаар дүүгийнхээ бие даасан амьдралыг дэмжих сайн дурын ажлыг өөрөө өөртөө өгөөд, төрсөн гэртээ үлдэхдээ энэ ертөнцийн хамгийн гоё үүргийг авсан мэт жаргалтай байдаг. Нүүхээсээ өмнө тэр надаас “хамт нүүх үү?”, “чи яах уу? яамаар байна?” “чи 2 гэрийн дунд яваад байж чадах уу?” гэж асуусан ч дээрх шалтгаануудын улмаас, бас түүнийхээ насанд хүрсэн амьдралыг хүндлээд би үлдэхээр шийдэж байсан. Шийдвэрээ хэлэх үед тэр “чи бол надад хэзээд хэрэгтэй хүн шүү” гэж хэлсэн нь миний энэ насандаа сонссон хамгийн сайхан үгсийн жагсаалтад байнга дээгүүр давхих болно.

Энэ мэтээр хэдэн долоо хоногийн турш арай гэж цаашид түүнтэй хамт амьдрахгүй, тэр тусдаа хүн болсон гэх эморолтой мэдрэмжтэйгээ дасан зохицсоны дараа ахиад нэг эморол ч гэхүү, эмгэн хумс шиг салж өгдөггүй наалдамхай мэдрэмж эхлэх нь тэр…

Тэр минь найз охинтой. Ганцаараа амьдрах болсон тул найз охин нь гэрээр нь нэлээд орж гарч, тэр хэмжээгээр тэд илүү дотносжээ. Найз охиныхоо нэрийг илүү их хэлж, хааяа гэрт нь очихоор гэртээ тогтохгүй гарч, гэрийнх нь хаа нэгтээ найз охинтой гэдгийг нь илтгэх зүйлс харагдана.

~Түүнийг алдаж байгаа мэдрэмж…~

“Үгүй ээ би cool эгч байх болно… Ингэж л тэнэгтэхгүй юм шүү… За яахав ингэж мэдрэгдээд байгаа ч ядаж л үүнийгээ хэнд ч илэрхийлж мэдэгдүүлэхгүй юм шүү… Би ч гэсэн хайртай хүнтэй болохоороо мэдээж түүнтэйгээ л хамт байхыг хүснэ шүү дээ… Одоо бидний нас хангалттай болчихсон… Бид хариуцлага хүлээж чадах хүмүүс…” энэ бодлоо тарни шиг л байн байн өөртөө давтана. Гэхдээ яаж ч өөртөө ингэж итгүүлсэн үнэндээ, угшилдаа бол би дүүгээ харамлаад л байгаа юм.

Хүмүүжилтэй, халамжтай, тусч, сайхан сэтгэлтэй, нуруутай дүү минь ямар охинтой үерхэж байгаа бол? Желогийн тоглосон нөхрөө ээжтэй нь булаацалдаад байдаг кино шиг тийм нэг шулам ээжийн сэтгэл зүй хааяа гэнэт орж ирэх юм. Ерөөс нэг зальтай охин хаанаас ч юм гэнэт гарч ирээд л дүүг минь надаас юу юугүй булаагаад авч явж байгаа мэт. Үнэндээ үгүй гэдгийг нь мэдэж байна аа. Найз охиныг нь хүлээн зөвшөөрөхгүй бол би дүүгийнхээ сонголтыг хүндэтгэхгүй, энэ нь эргээд би түүнд итгэдэггүй гэсэн үг болж байгаа. Гэтэл би түүнд юунд ч ямар их итгэдэг билээ.

Эцэст нь хэчнээн миний дүү ч гэлээ тэр миний өмч биш шүү дээ, тэр өөрөө өөртөө амьдралтай, өөрийн толгойтой хүн. Би хангалттай ойлгож байна, ойлгож байгаа болохоороо ч үүнийгээ энэ блогоосоо өөр хэнд ч хэлэхгүй.

Одоо энэ бүх мэдрэмжээ сайн муу гэж ялгалгүйгээр нэг л зүйлд “чихэж” ойлгох болж байна. Энэ бол “эгчийн инстинкт”. Насны зөрүүгүй юм шиг байсан ч эгч бол хэзээд эгч л байдаг бололтой.