Хятад-Сингапур-Малайз-Тайланд-Камбож-Лаос орнуудаар хийсэн үүргэвчтэй аяллын тэмдэглэл 1-р хэсэг

ЖИЧ: Зөвлөгөөгөө хурдан уншихыг хүсвэл бичвэрийн дунд хэсгээс нь эхлэн уншина уу.

Сайн байцгаана уу? Би маш их сонин сайхантай нэгэн цуврал бичвэр эхлүүлж байна. Нэр нь: “Миний туршлага: О2 аялал”

Хэрвээ блогоор минь хааяа ч атугай, эсвэл өмнө нь санамсаргүй байдлаар ороод гарч байсан бол би энэ жил бүгдийг нь хийж чадах эсэх нь ихэд эргэлзээтэй олооон зорилго, зорилтууд өөртөө “нэг их хатуу биш”-ээр тавьсныг мэдэж байгаа байх.
Тэр олон зорилго, зорилтуудын маань нэгд “- Зун хилийн дээс алхах аялалд явах, гэхдээ ойрхон л доо :P” гэсэн нэг ийм юм орсон байлаа л даа.

Олон зорилго зорилтууд дотроосоо хамгийн их хүсдэг, хүсдэг байсан, эрсдэлтэй, хэрвээ хийвэл энэ жилийн бусад зорилго зорилтуудаа хаяж байгаад мөнгө санхүүгээ зарцуулах энэ төлөвлөгөөг анх тавьсан байснаасаа хамаагүй илүүгээр давуулан биелүүлэхээр шийдсэн юм. Яагаад бусад мөнгө орох том зорилго зорилтуудаа хаяж аялахаар шийдсэн гэвэл нэгэн том мөрөөдлөө бодит болгож, цаашдын амьдралынхаа шинэ замын эхлэлийг тавихыг хүссэн юм. Шинэ орчин, шинэ ертөнц, шинэ соёл, шинэ танилууд, шинэ мэдрэмж, шинэ туршлагыг маш их хүссэн. Тэгээд л тэр. Ингээд өр тавин барин явсан юм даа хаха.

Аяллын санаачлага анхлан гарсан нь: Манай хуучин ажлынхан намайг Өдөр өнжүүлэхээ нээх гээд ажлаасаа гарснаас 2 сарын дараа л бөөнөөрөө Тайланд явчихсан хаха. Мэдээж цаг хугацаа нь тэгээд таарчихсан хэрэг л дээ. Би ч “Ямар гоёыыыыын” гэж бодоод нийлдэг 3 найздаа нөгөөхөө ярьтал манай нэг маань:
-Ингэж байхаар зун 4-үүлээ Хятад явж аялах уу? Угаасаа Орхон дээр очиж Бээжинг үзмээр байсан юм. /Эгч нь Хятадад сурдаг. Бээжингээс айхтар холгүй/
гэдэг санаачлага гаргаад, би ч уухайн тас дэмжлээ. /Өө тийн, энэ найзыг минь Оюунаа гэдэг. Бид 2-ын нэрний эхний үе адилхан кк. Оюу & Оюунаа 2 энэ зуны аяллын ярианы гол баатрууд байх болно. Тийм болохоор гарчиг нь “О2 аялал”/ Харин нөгөө 2-ын маань 1 нь зун өөр төлөвлөгөөтэй, нөгөөх маань ажил амьдрал, айдас хүйдэс гээд энэ удаа өнжихөөр болов оо. 2018 оны сүүлээр болсон энэ яриа яг ажил хэрэг болохгүй ч бас бүр алга болохгүй явсаар цагаан сартай золгов. Гэхдээ энэ үе хүртэл нэг дэвшил гарсан нь бид 2 ганц Бээжин биш Зүүн Азийн орнуудаар мөнгөө дуусах хүртэл үүргэвчээ аваад хамгийн бага зардлаар аялахаар шийдсэн байсан юм.
Цагаан сараар Оюунаагийн эгч Орхон өвлийн амралтаараа ирж бид 2 ч явахаас нь өмнө 3-уулаа уулзаж аяллынхаа талаар ярьж, Бээжингийн аялалд хамт байж, аяллын төлөвлөгөөгөө гаргахад тусламж хүсэв. Орхон дуртайяа зөвшөөрснөөр англи хэлэнд найдаад хэрэггүй Хятадын аялалд санаа зовохгүй боллоо. Харин төлөвлөгөөний хувьд компьютерээ бариад нэг шамдаад суухад англи хэлний суурь мэдлэгтэй бол нэмэлт хүний шаардлагагүй болчихдог юм байна лээ.

Үүргэвчтэй аялал… Эхний бай: Зүүн Ази.
Зүүн Азийн орнууд нь анхлан үүргэвчтэй аялал хийх гэж буй аялагчидад хамгийн тохиромжтой маршрут гэдгийг олон аялагчдын туршлагаас олж мэдээд Зүүн Азийг онилов. Хугацаагаа товлох тун амархан байсан. Хэт халалтын болон борооны улиралтай давхцуулахгүй байх. Ингэхээр аялалаа 5 сард эхлүүлэх шаардлагатай болсон. /7-9-р саруудад хэт халдаг, бас бороо элбэгшдэг/
Миний хувьд “Өдөр өнжүүлэх төв”-ийнхөө ажлыг 7 сарын 1 хүртэл хийхээр төлөвлөж байсан ч аялалаасаа бодоод 5 сарын 17-нд бүх хүүхдүүдээ чадахаараа дайлж, зураг авч, 1 өдрийн сайхан дурсамжыг харамгүй үнсэлтийн хамт өгөөд тараасан юм. Харин Оюунаа маань бөөөөөн юм болж ээлжийн амралтаа арай гэж авсан.
Ингээд аялал маань 5 сарын 20-ны өдрийн 17:00 цагт Вокзалын зогсоолоос албан ёсоор эхэлсэн дээ.

Аялалд гарахаас өмнө:
Юуны өмнө аялалаас 3 сарын өмнөөс эхлэн төлөвлөсөн учир энэ хугацаанд олон тодорхойгүй нөхцөл байдал, эргэлзээ, бас гэр бүлийн нөлөөлөл байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Бид 2-ын хувьд хэн хэнийх нь анхны холын тэгээд бие даасан аялал байсан тул гэр бүлийнхэн их эргэлзсэн байх. Үүнээс гадна 3 сар дотор хэн хэний маань төлөвлөгөө өөрчлөгдөхөө шахаж, ажил амжихгүй болж, мөнгө олдоход хэцүү байж, ихэнхдээ бодож төсөөлөхөд сайхан ч заримдаа бодохоор айж “Нээрээ би яг чаддаг байгаа даа” гэсэн өөртөө итгэх итгэл савалж олон л юм болсон.
Нэг нь Явъя л даа гэхээр нөгөөх нь Тэгье л дээ гээд л шууд яриад, бүтээд явчихсан тийм амар, дардан түүх биш шүү гэж хэлэх гэсэн юм.
Би бүр дунд нь Оюунаа болохгүй гэвэл би ганцаараа байсан ч явна, өчнөөн хүн л ганцаараа яваад болоод байхад гээд шийдчихсэн байсан шүү хэхэ. Одоо бодохоор энэ үед ээж аавдаа их талархдаг. Давын өмнө “Юу гэсэн үг юм, ганцаараа явна гэж юу байсан юм. Тэгвэл явуулахгүй” энэ тэр гэж юу ч шийдэгдээгүй байхад урьдчилж сүр бололгүй маш хүлээцтэй хандаж ганц нэг санаагаа дурдсан болоод өнгөрч байсан. Харин Оюунаа явах нь баттай болмогц зүгээр л надад итгэсэн. Ммм үүнийг уншихгүй ч гэсэн ээж аавдаа баярлалаа. Оюунаагийнхаа ээж аавд ч бас баярлалаа.
Бас аялалд гарахаас өмнө олон хүнд хэлэхээс айгаад байсан шүү. Үнэндээ Вокзалруу явж байхдаа л энэ бүхэн бодит, үнэхээр болж байгаа гэдгийг мэдэрсэн. Тэр үе хүртэл гэнэт юм болоод явахгүй болчихвол яана, бас нөгөө хар цагаан хэл ам гэдгийг бодоод л сонирхсон эсвэл мэдвэл зохих хүмүүст ч зорьсон болгоноо хэлэлгүй “Зүгээр л төлөвлөж байгаа, яаж ч магадгүй” мэтийн үгээр л өнгөрөөгөөд явж байсан. Муу санаалсандаа биш өөртөө ч бүх зүйлд итгэлгүй байсных.

Аяллын төлөвлөгөө гаргах нь:
Аяллын төлөвлөгөөгөө Excel дээр
-“Тээвэр”,
-“Буудаллах газар”,
-“Үзэх газрууд”,
-“Хоол, Wi-Fi, Унаа, ATM шимтгэл”
гэсэн 4 sheet-нд хуваагаад бүх төлөвлөгөөгөө “Дэлхийгээр аялагчдын групп”, Google, Аялагчдийн блог нийтлэл болон влогуудыг маш их үзэж, уншиж, судалж байж хийсэн. Юмны үнэ, цаг, анхаарах зүйлс, урьдчилж захиалдаг эсэх, нэмэлт мэдээллүүдийг чадах чинээгээрээ дэлгэрэнгүй олж мэдээд нэг хүний 3,500,000 төгрөгөнд багтаан 1 сарын хугацаанд 8 улсын 10 хотоор аялана гэж тооцоолсон.
Гэхдээ бодит байдал дээр ойролцоогоор 3,400,000 төгрөгөнд /1280$/ 6 улсын 7 хотоор аялаж чадсан. /Хятад: Бээжин, Сингапур, Малайз: Куала Лумпур, Тайланд: Пукет-Бангкок, Камбож: Ангкор Ват, Лаос: Вьентиан/
Жич: 3 саяд багтаан бид 2 шиг 6 улсын 7 хотоор аялах боломжтой. Бид 2 гэрийнхэндээ юм аваад, бас далай дээгүүр нисэх мэтийн ганц нэг маш сонирхолтой үйлчилгээ, бэлэг дурсгалын шинж чанартай зүйлсэд нэмэлт мөнгө үрсэн тул 3 сая 400 болсон юм шүү. Энэ зардлынхаа нарийн, дэлгэрэнгүй задаргааг улс улсаар нь хуваан цувралаар бичих болно оо.

Харин аялалд гарахаас өмнөх Монголдоо хийсэн аяллын бэлтгэл 900,000 орчим төгрөг болсон. Ингэхээр ойролцоогоор нийт аяллын зардал маань бэлтгэлтэйгээ нийлээд 4,300,000-4,400,000 төгрөг болсон байх нь… Үүнээс 1,400,000-ээ өөрөө гаргаж 3 саяыг нь зээлсэн.
Уг нь аяллын санаа гарахаас эхлээд л аль чадахаараа тэмдэглэж, хөтөлж байсан боловчиг яг нарийн гаргах их хэцүү байдаг юм байна, хамаг юм холилдоод. Тийм болохоор 100 мянган төгрөгийн дээшээ доошоо савлагаа байгаа байх шүү.

Аяллын бэлтгэлийн задаргаа:
1. Гадаад паспорт шинээр захиалсан – 35000 төгрөг
Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвийн аль нэг салбар дээр цээж зураг, бичиг баримт болон 35000 төгрөгтэй очоод захиална. 14 хоногийн дараа гарсан. Үүнээс өмнө яаман дээр очиж хуучин сунгалттай паспортоо үзүүлээд болох эсэхийг асуухад “Болно, гэхдээ зарим улсын хил дээр мэдээллийг чинь татаад удах магадлалтай” гэсний дараа найдвартай байдал, гарч болзошгүй эрсдлээ бодоод шинийг авсан. Асуудал гараагүй.

2. Олон улсын VISA карт – 20000 төгрөг
Анх удаа явж байгаа надад мөнгөө хэрхэн авч явбал зохих талаар ямар ч мэдлэг байгаагүй. Гэтэл youtube дээрх Anu Harchu-гийн энэ бичлэг их тус болсон шүү. Тэгээд мөнгөө талыг нь бэлэн доллар, юан болгуулаад талыг нь олон улсын VISA картандаа хийгээд л явчихсан. Асуудал гараагүй. Харин Unionpay картын хувьд зөвхөн Хятадаар аялахгүй дээрээс нь Хятадад түших хүнтэй бас Монголд хамгийн ашигтай ханшаар бэлэн солиулах боломж байхад энэ картыг захиалах хэрэггүй гэж үзсэн. Үнэхээр ч бид 2-ын аялалд бол хэрэг болоогүй.

Би VISA картаа дурын Голомтын салбар дээр очоод захиалсан. Хаанаас, хэзээ ирсэн ойлголт гэдгийг мэдэхгүй ч би зүгээр л олон улсын гүйлгээнд Голомт, Худалдаа Хөгжлийн Банк 2 сайн гэдэг ойлголттой юм байна лээ хаха. Тэгээд л тэр ойлголтоо хаяж чадалгүй Голомтыг сонгосон. Би орлого зарлагаа мэдээж төгрөгөөр тооцдог тул төгрөгийн Visa карт авсан. /Данс чинь төгрөгөөр бүх мэдээллээ бүртгэнэ. Олон улсад ашиглах үед тухайн цаг үеийн ханшаар тооцогдоод автоматаар тухайн улсын валютад шилжчихдэг, их амар/ Камбож, Лаос, Хятадын ATM-үүдээс картаа ашиглаж мөнгө авсан. Ер нь хаа ч олон улсын Visa картны шимтгэл их байдаг гэсэн тул шимтгэлийн ялгааг бол айхтар анзаарч тооцоогүй. Миний тооцсоноор /яг нарийн тооцоогүй ээ/ шимтгэл нь 20000-60000 төгрөгийн шимтгэлтэй байсан.

3. Аяллын даатгал – 23$ буюу 61000 төгрөг /1 сар/
Даатгалыг бүр дурсах ч үгүй байсан чинь төлөвлөгөө гаргаж мэдээлэл хайж байх явцад 25 наснаасаа өмнө 25 орноор аялах зорилт тавин аялсан үүргэвчтэй аялагч Б.Сарантуяагийн энэ зөвлөгөөг үзээд л санасан.

Судалж байгаад Хаан болон Мандал даатгалуудаас сонгохоор болоод Мандалын 30 хоногийн аяллын даатгалд даатгуулсан. Өөрөөр хэлбэл 05 сарын 17-ноос 06 сарын 16 хүртэл гэрээгээ хийсэн. Бараг асуудал гараагүй учир даатгалаа ашиглаагүй. Нэг асуудал гарахад нь бид 2 тэр хавьдаа зардалтай зохицуулчихаад даатгалын нөхцөлд орох байсан эсэхийг мэдэхгүй ч Даатгалаа ийм үед ашигладаг гэдгийг хэн нь ч бодоогүйгээ бүүр дараа нь санасан хаха. Энэ тухай удахгүй бичих Лаос улсад аялсан бичвэрээс уншаарай.

4. Аяллын цүнх – 30000 төгрөг
Миний хувьд мөнгө их муутай байсан болохоор аяллын цүнхээ Солонгос комиссын бараа ороод л авчихсан. Шинэ цүнх их үнэтэй тэгээд өөрт байгаа цүнхээ үүрээд гарна гэвэл холын замд зориулалтын биш тул зөвхөн мөр нуруундаа удаан хугацаанд ачаалал авна, амархан ядрах, эрүүл мэнд болон тухтай, найдвартай байдал гээд аль ч талаараа тусгүй. Тэгэхээр хуучин ч байсан нурууны хатуулга хамгаалалттай, жингээ ташаандаа авч болдог бүслүүртэй хөнгөн материалаар хийгдсэн зориулалтын үүргэвчтэй яваарай гэж зөвлөе. Солонгос комиссын бараанууд дээр хараад байхад энэ төрлийн хуучин аяллын үүргэвчнүүд их тэгээд хямдхан байдаг юм байна лээ. Сайн харж сонжиж байгаад авахад асуудалгүй санагдсан. Ганц сул тал нь аяллын цүнхний чинь борооны цув байхгүй байх байх. Тусдаа худалдаж авна эсвэл оёно.

5. Паск-20000 төгрөг
Шинэ, загварлаг паск авна гэвэл дор хаяж 50-70 мянга болно. Зах дээрээс хямдыг авъя гэвэл хол замд сэтгэлд сэвтэй ш дээ. Урагдчихвал, ер нь ямар нэг асуудал гарвал яана. Ахиад Солонгос комиссоос сайн харж байгаад нэг их хуучраагүй, багтаамж сайтай, үзэмж дажгүй паск авчихсоон. Ер нь аяллын ачаар комиссруу нээх асуудалгүй ордог болсоон хаха. /Өмнө нь комиссоор яах гээд байгаан л гэдэг байлаа хаха. Тэгсэн чинь хэрэгтэй хүндээ хэрэгтэй газар юм байна лээ./
Зарим хүмүүс жижиг үүргэвч авдаг юм байна лээ. Надад байсан ч ганцхан паскаа авчихсан. Үүргэвч нь амар санагдсан шд. Гэхдээ хувь хүний сонголт.

6. Розетканы оролт шилжүүлэгч + Цүнхний цоож + Postcard + Microfiber – 50000 орчим төгрөг
Бас л эдгээрийн талаар мэддэггүй байсан юм. Энэ бичлэгийг үзээд авах хэрэгтэйг ойлгоод авсан. Энэ бичлэг дээр гарч байгаа бүх зүйлс маш хэрэгтэй шүү!!!

Розетканы оролт шилжүүлэгч- Sunday-ээс 20000 төгрөгөөр
Цүнхний цоож- Монголоос авахаа мартаад Эрээнээс 3000 төгрөгөөр
Postcard- Улсын Их Дэлгүүрээс 13000 төгрөгөөр
Microfiber- Монголын аяллын дэлгүүрүүдээс олдоогүй Орхонд хэлээд Хятадын онлайн дэлгүүрээс авхуулсан. Үнийг нь санахгүй байна. 20000 төгрөг орчим байсан байлгүй дээ.

7. Powerbank – 52000 төгрөг
Цэцэг төвийн замын эсрэг талын Miniso-оос авсан. /10000amp, 3-4 удаа цэнэглэнэ/
8. Ханцуйвч- 6000 төгрөг
Цэцэг төвийн замын эсрэг талын Miniso-оос авсан. Би шар хүн болохоор жаахан наранд ч түлэгдчихдэг. Иймд футболка өмссөн үед ханцуйвч хэрэглэх шаардлагатай.
9. Суугаа унтах зориулалттай дэр- 15000 төгрөг
Цэцэг төвийн замын эсрэг талын Miniso-оос авсан.
10. Гоо сайхны бүтээгдэхүүн хийх 100 мл-ийн сав – 5000-10000 төгрөг
Багцдаа 3ш савтай. Аялалд буюу онгоцонд гар тээшинд авч явахад зөвшөөрөгддөг дээд хэмжээ. Цэцэг төвийн замын эсрэг талын Miniso-оос авсан.
11. Цүнхний цув + Гуталны цув – 30000 орчим төгрөг болов уу?
Бас л Монголоос олоогүй тул Орхонд хэлж Хятадын онлайн дэлгүүрээс авхуулсан.
12. Табчика – 25000 төгрөг
Бээжингийн Минисогоос авсан. Авч явсан усанд орж болдог сандаал маань холгоод байсан тул аргагүйдээд авсан.
13. Нарны тос – 20000 төгрөг байх
MILD-аас авсан.
14. Усны хувцас – 34000 төгрөг
Sunday-ээс харж байгаад л авчихсан
15. Iphone 6S + Case – 480,000 төгрөг
Нэгэнт бид 2т мэргэжлийн камер байхгүй тул зураг авахдаа утсандаа найдахаас өөр сонголтгүй. Тэгтэл миний утас камернаас гадна бүх талаараа үнэхээр тэнцэхгүй байсан тул байгаа мөнгөндөө тааруулаад TEDY-ээс Iphone 6S авсан. Кейсийг нь 10-аар Sunday-ээс. Ер нь наалт, кейс гэх мэт нэмэлт зүйлүүдийг нь TEDY-ээс нь авахад арай үнэтэй байгаад байдаг. Өөр хямдхан газраас авсан нь дээр, илүү хямд тэгээд ч яг адилхан.

За аяллын бэлтгэл болгож үрсэн мөнгөний маань задаргаа нэг ийм. Юм орхиж гээгдүүлээгүй гэж найдаж байна. Бас холбоос болгож оруулсан бичлэгүүдийг үзчихэд гараад ирнэ дээ.
Би дэлгүүр хэсэх дургүй, авсан юмныхаа үнийг хаа хаанаас харьцуулж хараад байдаггүй хүн болохоор аяллын бэлтгэл хангасан талаараа ингэвэл зүгээр, тэндээс авбал тийм гэсэн арвин мэдээлэл байхгүй. Оюунаа бол Эрээн, Бээжингээс авбал хямд гээд тэндээс юмнуудаа авсан. Миний хувьд юунд ч явсан бүрэн бэлтгэлтэй гарахаар сэтгэлд сайхан байдаг болохоор бараг бүх юмаа эндээ бэлдээд явсан.

Сонирхуулахад эхэндээ бид 2 болдог бол аюулгүй байдалдаа зориулж цацдаг газ ч юмуу, бороохой авч явахаар ярилцаж байсан ч хаанаас авахаа ч мэдээгүй, онгоцонд оруулна гэдэгт ч эргэлзсэн, Зүүн Ази ч өөрөө зүгээр байвал тийм аюултай биш гэдгийг олон аялагчид хэлж байсан. Тэгээд л больсон доо. Үнэхээр ч хэрэг болоогүй.

Сануулж хэлэхэд энэ бол аяллын бэлтгэлд үрсэн мөнгөний задаргаа болохоос үүргэвчинд орсон бүх юмны жагсаалт биш шүү. Үүргэвчиндээ юу юу авч явсан, бас юуг яаж авч явбал зүгээр талаар дараагийн бичвэрээр оруулах болно.

Анхны төлөвлөгөөгөө харуулбал:
Жич: Энэ зөвхөн аялалаасаа өмнө Монголд бусдын блог, влог, нэвтрүүлэг, бичвэрүүдээс харж, судлаж баримжаа авч хийгээд хэвлэж авч явсан төлөвлөгөө байгаа шүү.
Өөрийнхөө бодит туршлага дээрээ үндэслэж өөрөө хийсэн ЖИНКЭН БОДИТ төлөвлөгөөгөө хамгийн сүүлийн бичвэрт оруулна аа 😉

Excel дээрээс нь харвал: /Мэдээж мөнгөн дүнгээ бодох томъёо оруулсан байгаа 😛 /

За эхний бичвэрээр аялалд гарах гэж юу болдог вэ? Нөхцөл байдлаас шалтгаалж аяллын бэлтгэлд барагцаагаар хэд орчим төгрөг хэрэгтэй болох вэ? Би тэднийг хаанаас худалдан авсан бэ? гэдгээ хуваалцлаа. Нэг хүнд ч гэсэн хэрэг болвол зарцуулсан цаг минь утга учиртай болох билээ.

Дараагийн бичвэрээр уулзацгаая.