Хятад-Сингапур-Малайз-Тайланд-Камбож-Лаос орнуудаар хийсэн үүргэвчтэй аяллын тэмдэглэл: 7-р хэсэг

Өмнөх холбоосууд:

  1. Миний туршлага: Үүргэвчтэй аялалд гарсан түүх+ Аялалын бэлтгэл /O2 аялал: 1-р хэсэг/
  2. Миний туршлага: Үүргэвчээ хэрхэн бэлдэх вэ? /О2 аялал: 2-р хэсэг/
  3. Миний туршлага: Аялалд хэрэгтэй апп-ууд ба сайтууд. Хэрхэн онлайн захиалга хийх вэ? /О2 аялал: 3-р хэсэг/
  4. Миний туршлага: Бээжин хотоор аялсан тэмдэглэл /О2 аялал: 4-р хэсэг/
  5. Миний туршлага: Сингапур хот улсаар аялсан тэмдэглэл /О2 аялал: 5-р хэсэг/
  6. Миний туршлага: Куала Лумпур хотоор аялсан тэмдэглэл /О2 аялал: 6-р хэсэг/

Энэ удаа Тайланд улс тэр дундаа Пукетын Карон арал, мөн нийслэл хот Бангкокоос холгүй орших Аюуттаяа хэмээх түүх дурсгалын газраар аялсан аяллынхаа сонин сайхнаас хуваалцъя.

Хэрвээ мөнгөн дүн, үзсэн газруудыг товчхон сонирхмоор байвал шууд бичвэрийн төгсгөл хэсгийг үзээрэй.

Малайзын ТВS зогсоолоос Тайландын Пукетруу хөдөллөө. Хил нь нэг бензин колонк шиг л газар байсан. Ялаа, шумуул, дэнгийн эрвээхий ихтэй. 12 цаг орчим яваад Пукетын автобус зогсоол дээр ирлээ. Дундаа бас Hat Yai дээр автобус дамжсан.

Бид 2 Малайзд байхдаа автобуснаасаа гадна HostelBookers ашиглаад хостелоо ч бас захиалчихсан байсан. Энэ удаад яагаад хостелд хонохоор шийдсэн гэвэл үнэндээ чөлөөтэй баймаар байсан юм. Дуртай цагтаа гарч, дуртай цагтаа орж, 00-руу явахдаа болгоомжлолгүй, хувцсаа санаснаараа угааж бас хатаамаар санагдаад, нэг ёсондоо эрх чөлөөгөө эдлэх гээд Пукетэд айлд биш хостелд мөнгөө төлөөд орохоор боллоо.

IMG_5573
Сингапур, Малайз, Тайланд олон шашинтай ард түмэнтэ болохоор Муслим шашинтнууддаа зориулаад хаа ч ийм мөргөлийн өрөөтэй. Мөргөлийн цаг болох үед ойрхон байгаа өрөөнд ороод мөргөлөө үйлдэж болдог. 

Өмнөх олон аялагчдын туршлагаас уншихад далайн эрэгт ойрхон хостел захиалах их чухал байлаа. Бид хоёр үнэ дажгүй, мөн эрэгтэйгээ ойрхон хостел олсон нь Karon Living Room хостел. Пукетийн автобус терминал дээр буугаад тулгарсан хамгийн эхний асуудал нь далайн эрэгрүүгээ ойртох буюу хостелруугаа дөхөх. Автобуснаасаа буугаад шууд тэндээсээ нийтийн тээвэр байвал явчих гэсэн ч тасалбар борлуулагч нар нь их муухай ааштай, асуултанд хариулах битгий хэл, олдож өгөхгүй бухимдуулав. Тэгээд ч орой болж байсан болохоор унаа тэргүүд нь ч хаагаад байсымдаг уу даа. Бид хоёртой адилхан өрнийн хэдэн эмэгтэй аялагч нар хөмсөг нь атирчихсан адил асуулт асууж гүйнэ.

Тэр нөхцөл байдалдаа удаад байх нь тийм ч сайн зүйл биш тул бид тэнд байсан таксиныхантай үнээ тохиролцоод далайн зүг хөдөллөө. Овоо хол байсан шүү. 40 минут лав явсан байх. Нөгөө таксины жолооч бид хоёрт нэрийн хуудсаа өгөөд буцахдаа бас намайг дуудаарай л гэсэн. Бид 2 таксинаас өөр тээвэр олж чадаагүй болохоор юмыг яаж мэдхэв гээд нэрийн хуудсыг төвөгшөөлгүй л авсан.

IMG_5367
Автобус терминал дээр байсан хааны хөрөг. Ийм ерөнхий хэв загвартай хааны хөрөг хаа сайгүй, бүр хаа сайгүй байна. 

Хостелынхоо гадаа буугаад орсон чинь нээх сайхан ааштай угтагч эмэгтэй захиалгыг маань баталгаажуулаад, барьцаа мөнгө авч үлдээд бид 2-ыг өрөөнд хүргэж өгөв. Цонхгүй жижиг өрөөнд зургаан ортой. Цонхгүй ч гэсэн агааржуулагч, кондишнтой, орныхоо хажууд жижиг сейфтэй, ор нь том, интернет нь асуудалгүй, тун дажгүй шүү.

IMG_5370

Бид хоёр санаа амарч цүнхэн дэхээ эмхэлж, хувцсаа солих зуур гадаа бүрэн харанхуй болжээ. Гэдэс ч хонхолзож эхэллээ. Хоол идэнгээ, ойр орчинтойгоо танилцахаар гарч алхлаа. Гудамжны сонин сайхантай танилцаад, энэ тэрийг харж баясаж явахад далайн эрэг харагдлаа. Хостелоос далайн эрэг хүртэл хэт ойр биш, хэт хол биш, гүй ээ бүр яг сайхан таарсан зайтайг гайхалцаад нэг газар орж пицца идлээ. Хоолоо хүлээх зуур гэрийнхэнтэйгээ ч яриад амжсан.

Пукет үнэхээр жуулчдын газар ажээ. Үйлчилгээ, хоол, цэнгээний газар, худалдаа энэ тэр нь ерөөс бүгд л жуулчдын төлөө.  Мөнгө солиулах ченж хүртэл гудамж бүрд нь байсан. Тэнд ер нь мөнгөө л бариад очвол юу ч асуудалгүй. Мөнгөө яаж үрэх нь чиний сонгол биш юм шиг л өөрөөрөө, сайн дураараа үрэгдэнэ хаха. Хоолоо идэж дуусчхаад нэлээн ядарснаа мэдэрч байсан тул шөний далайруу зүглэлгүй шууд л хостелдоо очиж амарсан. Маргааш нь ч бас нэг их яаралгүй тайван босоод, 12-ын үед далайруу явлаа.

Гэтэл ахиад нэг зүйл!!! Далайн эрэгрүү хүрж, хөлөө давстай усанд дүрэхийн яг наахан нэг шүхэр харагдлаа. Би гэдэг хүн чинь янз бүрийн илүү дутуу адерналин мадерналинлаг юманд дуртай хүн, бүүр огшоод явчихлаа шүү. Очоод үнийг нь асуусан чинь 1200 батт гэнэ. Төгрөгөөр бол 100,000 давж байдаг шүү. Гэсэн ч ийм боломж байнга олдохгүй шүү дээ, Оюунаад шууд л би нисмээр байна гэсэн. Оюунаа тэгсэн “Тэг, тэг. Би лав үгүй, айгаад байна, чи өөрөө л нис. Тэгвэл хоёулаа хостелруугаа очиж мөнгө авч ирэх үү” гэнээ. Уухайн тас зөвшөөрөөд буцаж яваад мөнгөө авчирлаа. 1100 баттаар тохироод нисэхээр боллоо.

IMG_5404
Цаана Parasailing-аар нисэж буй өөр нэгэн харагдаж байна.

Parasailing буюу шүхэрт завиар би 5 минутын эрх чөлөө мэдрэх гэж 100 гаруй мянган төгрөг төлсөн дөө. Нисэхийн өмнө чухам утсаа гаранд бэхлээд л байсан чинь яг нисэх тэр мөчид эрэг дээр унагачихсан хаха. Оюунаа аваад үлдсэн. Агаарт байсан тэр ховор мөчөө бичлэгэнд үлдээж чадаагүй нь харамсалтай ч эргээд бодоход тэр богинохон алтан мөчийг бүрэн дүүрэн мэдэрхэд тэр нь ч болсон юм шиг. Яг нисэж байх үед нэг тэнэг бодол орж ирсэн нь намайг яг эндээс нь тавиад далайруу шидчихээсэй гэдэг бодол. Хөвөгч хантаазтай, ойрхон моторт завь байхад үхчихгүй байлгүй, энэ өндрөөс усруу орвол солиотой байх байх даа л гэж бодсон. Бууж ирээд Оюунаад тэр бодлоо хэлж байх үеийн бичлэгнээсээ тэр үгээ сонссон чинь нээрээ үнэхээр галзуу амьтан шиг сонсогдож байна лээ хаха. Гэхдээ л надад тэгэж л бодогдсон.

Газардах үе үнэхээр сэтгэл догдлом. Шүхрээр нисгэдэг тэр залуус ахин далайн мотоцикл санал болгосон ч мөнгө арай л хэцүү болсон байсан. Далайн давалгааны өөдөөс мотоциклоор сөрөх ямар гоё бол? гэж бодсоор явсан даа. Гэхдээ мотоциклгүй ч гэсэн өөрөө хангалттай давалгаа сөрсөн шүү. Даанч хоёулаа явахын давуу тал ч юмуу, сул тал ч юмуу үүргээ ухамсарлаад жоохон тоглож байгаад эргэж эрэг дээр гарсан. Оюунаа юмыг найдвартай байлгах дуртай. Намайг гүнрүү явахаар л ойрхон байх, болгоомжтой байхыг сануулаад сэтгэл амар тоглуулахгүй дуудаад байсан хаха. Хэдий Оюунаагийн зөв, би сэлж чаддаггүй ч лав тэнд очиж живж үхэхгүй гэсэн итгэл ч юмуу, зөн надад бүр л их байсан юмдаг хихи.

IMG_5411

За тэгээд өдөржин далайн эрэг дээр хөрвөөж, тоглож, зураг авалт хийж байгаад буцлаа. Буудалдаа мөн амарч байгаад оройхон эргэн гарч Кароны гудамжийг метрлэв. Пукет массажаараа бас алдартай. Бид хоёр мөнгөнөөсөө болоод алдарт Пипи арлыг нь үзэхгүйгээр шийдсэн болохоор ядаж массажинд нь орох хэрэгтэй гэж үзээд тосгүй, нэг цагийн бүтэн биеийн массажинд оров. Лэйди лэйди гэж араас гүйсэн наалинхай Тай аниа нар бид хоёрыг зэрэгцүүлж хэвтүүлээд массаж хийж эхэллээ дээ. Биеийн цочроотой бид хоёр чинь хааяа нэг эмзэг цэгт хүрэхэд цочирно хаха. 15-20 орчим минут орчим бололтой хийлгэж байтал аниа нар “Done, lady” гэж авдаг байгаа. Гайхаал утсаа харсан үнэхээр нэг цаг өнгөрчээ. Оюунаа бид хоёр гайхаад, нэг цаг аль хэдийн өнгөрсөнд гайхаж гүйцлээ. Хоёул, хоёулаа 15-20 минут л өнгөрсөн гэж боджээ. Массаж гэж тийм л шидтэй юм байдын байна. Тостой хийлгэсэн бол хэдэн минут ч гэж бодох байсын, бүү мэд. Төлбөрөө хийгээд гартал соруултай, ус өгөв. Зүгээр л усыг яасан ч гоё савладын.

IMG_5507

Ингээд шөнийн далай үзэхээр явлаа. Шөнийн далайг үнэхээр шүлсээ гоожуулан харлаа. Сүрлэг, хүчтэй гэдэг нь дэндүү. Давалгаа, салхи, уур амьсгал бүгд төгс. 2002 оны Тайван Солирын од дээр Лэй, Санцай хоёрын үнсэлцээд Дао Мин Си-д баригддаг хэсэг зүгээр нүдэнд үзэгдэж байгаам чинь. Ядаж байхад хүнгүй, тайван байх юмаа. Клипэрч, клипэрч буудалруугаа буцахдаа жимс гүзээлж, гудамжны баарны дуунуудад алсаас баяссан шигээ алхав. Ай даа, сайхан мөч.

IMG_0074(1)

Маргааш нь хальтхан далай орчихоод, угаасан хувцаснуудаа хатааж аваад хөдөллөө. Гэхдээ тэр өдөр надад нэг чухал ажил байлаа. Аяллынхаа зардалд нэмэрлэх гэж нэг дипломын ажил авчихсан нь дуусаагүй явсаар Тайланд хүртэл дагаж ирсэн билээ. Тэр өдрөө буудлын ресефшний хажуугийн хүч муутай компьютер дээр, хамаг нервээ барж үүрээс өдөр хүртэл сууж дипломоо дуусгаад захиалагчруугаа явуулж нэг амрав. Тэр үед Оюунаадаа яасан их баярласан гэж бодно. Хий адгаж, яаруулж, дарамтанд оруулалгүй, үнэхээр хүлээцтэй хандаж ажлыг маань дуусгасан. Хамтрагч ер нь их чухал, өөрийг чинь мэддэг, ойлгодог, нөхцөл байдлаа мэдэрдэг, хүлээн зөвшөөрдөг, хамтрагчдаа хайртай тийм найзтай байна гэдэг, яг түүнтэйгээ энэ урт замд аялна гэдэг их том аз. Нөгөө талаас захиалагч маань ч их гоё ах байсан болохоор миний нөхцөл байдлыг тун сайн ойлгож байлаа.

IMG_0044

Ингээд маш найрсаг сайхан хамт олонтой хостелынхондоо баяртай гэж хэлээд хөдөллөө. Өглөө бүрийн буфет цайн дээр /Хостелийн мөнгөнд өглөөний цай орж байсан/ найрсагхан үйлчилдэг тэр ахимаг насны эрэгтэй үйлчлэгчийн “Hey, my friend, take this, taste it”хэмээх дуу, инээмсэглэх царай, үүдний угтагч эмэгтэйн тэр сайхан ааш одоо ч санаанд орж ирж байна.

Дараагийн зогсоол Big Buddha. Газрын зургаа асаагаад л, замдаа гарлаа. Пукетийн автобус нь ерөөс сандал тавьсан намхан ачааны машин. Буудал гэж байхгүй. Замд нь тосоод л зогсоно. Big Buddha байдаг буудал дээр очоод буусан чинь буудлаасаа зөндөө хол байдаг байгаа. Яг манай Аглагийн хийд шиг. Машинтай хүнд хоттой ойрхон алдартай, гэхдээ машингүй хүнд очих ямар ч тээврийн зохицуулалт байхгүй. Таксидхаас өөр аргагүй болсон. Бид хоёрт таксидах мөнгө хангалтгүй байсан тул буудлаас нь буцсан. Тээврийн зохицуулалтгүй байгаад хальт уур хүрсэн ч манай улсад ч ийм газрын өч төчнөөнийг бодохоор адилхан ч юм даа гэж бодоод бухимдал багасав.

IMG_5485

Ингээд шууд Бангкок явах автобус терминалруугаа нөгөө ачааныхаа машиндаа суугаад явлаа. Ачааны автобусанд ер нь амьдрал өрнөнө, жолооч нар бол алтан алтан бөгж, гинж чихцан хаха. Монгол зан хөдөлвөл эвтэйхэн дагуулж яваад булан тойруулмаар эдр :))) (тоглосын). Автобус хүлээж байх зуур дэлгүүрт бараа үзэж яваад дэлгүүрийн эзнээс нэг айхтар санал авлаа шүү. Бид хоёрыг гараад тэр дэлгүүрийг яриандаа магтаад, дурдаад өөр жуулчид олж ирвэл мөнгө өгнө гэнэ. Хэдийг өгнө гэснийг нь санадаггүй, гойд юмгүй гудамжны дэлгүүрийг мань хоёр шиг наймааны авьяасгүй гарууд рекламдаж хүн оруулж ирнэ гэдэг лөөлөө байгаа даа. Мушилзаад чадахгүйгээ хэлээд, ойлгосон ойлгоогүйн дунд л гараад явсан.

Тэгэж явсаар автобус терминал дээрээ ирлээ. Автобус ирэх зуур гудамжны нэг хоолны газар хоол идсэн нь бид хоёрыг ёстой гэцүү байдалд оруулсаан. Гай болж замдаа бид хоёр зайрмаг идсэнийг хэлэх үү, байдал хурцадсан. Аз болж Бангкок орох тэр автобус 00-той байлаа. Тухгүй ч гэсэн тэр 00 тусаа тун их өгсөн хаха. Бангкокт хагас хордлогын байдалтай ядруу хоёр гар буулаа. Тэндээсээ үүргэвчээ цүнх хадгалах үйлчилгээнд өгчхөөд, шууд Аюуттаяа гээд 80 км-ын зайтай нэг түүх дурсгалын хот явж үзэхээр мини ван-д /манайхаар бол жуулчинд тохирсон микрорхуу юмуу даа/ суулаа. Энэ удаа хаширлаад хоолны газар бус 7/11 орж гурвалжин кимбаб авсан. Гэсэн ч Тайландад гурвалжин кимбабны дундах хачир нь хүртэл бидэнд хэцүү байсан гээд боддоо хаха. Авч явсан эмнүүдээсээ гэдэсний эмээ гаргаж уусан нь харин их тус болсон. Ер нь эмээ сайн авч явах хэрэгтэй юм билээ.

Аюуттаяад буутал хоорондоо нэлээд зайтай 10-аад өртөөт түүх дурсгалын газар ба алхана гэвэл бүтэхгүй, заавал түк түк хөлслөх хэрэгтэй. Буухад л тосож зогссон аймаар шүдтэй, харахад эвгүй ч, маш найрсаг нэг жолоочтой үнээ тохироод явлаа. Өдрийн талд нь үзсэн ч бүр нэг их айхтар сэтгэл хөдөлгөөгүй, тэгэсгээд л үзсэн. Бид хоёр орж үзэлгүй гаднаас нь л үзсэн. Нөгөө Пукетэд үзээгүй Big Buddha-гаа тэнд бараг төрөл төрлөөр үзчихсэн дөө. Тэрийг үзээд Big Buddha-г үзээгүй нь ч болсын гэж бодсон шд. Ядаж байхад тэр өртөө болгон нь  50-60 баттын хураамжтай. Болоо, болоо гээд л явсан хаха, авууштай тэр үед анх удаа заан үзсэн. Жоохон сонин үнэртэй. Зааны тоглолт үзэх гэж байсан чинь зааныг ёстой муухай сургадагийг (хурц үзүүртэй төмрөөр хатгаад байсан) хараад муухай санагдаад больсон. Дээр нь ч сууж үзэлгүй явцгаасан. 

Эргээд Бангкокд ирлээ. Бангкок ёстой гүүрний эх орон гэлтэй. Хаашаа ч харсан гүүр, хэдэн давхар гүүр, мушгиралдсан олон гүүр. Буусан газраа анхны ирсэн буудал байна гэж андуураад буучихсан хаха. Аз болж автобус маргааш үүрээр хөдлөх байсан болохоор бидэнд цаг хангалттай байсан.

Тэндээсээ хоол идэх гэж KFC хайлаа. Тай хоол идэх хүсэл байсангүй, бүр нэг айдас хургачихсан хаха. Найдвартайгаар нь KFC хайсан нь тэр. Тэгээд хамгийн ойрхон KFC хайж алхах замдаа, замаа товчлох гээд нэг цэцэрлэгт хүрээлэнрүү нь орчихсон чинь том ч гэж яацын, дуусч өгөхгүй ёстой ядраасан. Юуун тэр зам товчлох. Гоё том ч гэлээ Сингапурын цэцэрлэгт хүрээлэнгээс бохир байсан тул тийм ч их сэтгэгдэл үлдээгээгүй. За тэгэж тэгэж хүрээлэнгээс нэг юм гараад КFC-рүүгээ ортол нөгөө анхны автобус терминал маань байдаг юм даа. Эхэндээ ч бүгдийнх нь тохижилт адил байлгүй гээд ортол нэг л биш ээ. Тэгэж л нэг юм бид Аюуттаяагаас ирэхдээ өөр газар бууснаа мэдсэн хаха. Гэхдээ тэр нь аз болсон юм. Бидэнд угаас буцаад алхах ямар ч тэнхэл байгаагүй юм. 

IMG_5658

Бангкокын заавал тийм газраар нь яваад байсымуу, эсвэл үнэхээр тийм байсан уу (Мэдээж үгүй л байх л даа) өмнөх улсуудаас нэг л бохир байгаад байсан. Муухай ч гэсэн Монголтой, Драгонтой адилхан бохир, үйлчилгээ муу, ойлгомжгүй, орчин харанхуй. За хоолоо идчихээд автобус терминалынхаа сандал дээр хоносон. Тэр ёстой муухай байсаан. Агааржуулалтгүй, усанд ороогүй хөлөрцөн, чимээ ихтэй, ерөөс унтаж чадаагүй. Ядаж байхад шөнийн 3 болж байхад нь хамгаалагч нар нь сэрээгээд, сандал дээр хэвтэж болохгүй гэдэг байгаа. Угаас суух гээд хүлээгээд байгаа юм байхгүй байхад. Утас цэнэглэгч нь ч ажилладаггүй, интернетгүй, тэгээд бүр цүнх хадгалах үйлчилгээн дээр ч асуудал гарсан. Оюунаа бараг цаг ярилцсан байх шүү. Бидэнд анх 24 цаг гэж хэлж мөнгө авчихаад, яг тулсан чинь 00 цаг өнгөрцөн болохоор дараа өдрийнхөө мөнгийг авна гэж дайраад. Ядаж байхад ээлж нь солигдцон, анх ярьсан хүнтэйгээ яриагүй, нөгөө шинэ нь англи хэлгүй, тэр хавийн хүнээр дамжуулж ойлголцож эдр. Оюунаагийн цаг гарангийн хөдөлмөрт илүү мөнгө өгөлгүй, цүнхээ салгаж авсан.

IMG_5569

Сонирхолтой бас гоё санагдсан юм нь 18 цаг болмогц төрийн дуулал явах бөгөөд бүх Тайландчууд босож, төрийн дуулалдаа хүндэтгэл үзүүлнэ. Тэр нь их гоё санагдсан шүү. Ер нь хаант улс болохоор хаа сайгүй, бүр гудамжинд хүртэл хааных нь хөрөг үнэхээр чамин тансгаар заларсан байдаг. Урдаа заавал өргөл барьцтай, даанч хаан гэдэг чинь кинон дээр гардаг шиг сайхан залуус байдаггүйн байна лээ. Тайланд их сонирхолтой нутаг санагдсан. Ханш харьцангуй сайтай /1 батт-90 төгрөг/, хөгжиж байгаа, жуулчид ихтэй мөртөө, цаанаа нэг бүрэн хөгжиж амжаагүй, гэхдээ Монголоос дээр л дээ. Өө тийм, дунд сургуулийн сурагчдыг нь харахад “Дурлал гэдэг зүйл” гээд нэг ангитай кино байдаг даа. Хэдэн жилийн өмнө нэлээн модонд орсон. Тэрний гол дүрийн охин эхэндээ их царай муутайгаар гардаг даа, санаж байна уу? Ёстой яаааааг тийм хүүхдүүд байдын байна лээ. Тэрийг хэтрүүлэг гэж боддог байсан чинь үгүйн байна лээ. Хүмүүс нь хөөрхөн байсан ч тэр адилхан адилхан үс засалт, форм, чийгтэй мөртөө халуун уур амьсгал сурагчдынх нь үзэсгэлэн гоог дараад байгаа юм шиг.

Бид хоёрт Бангкоктой танилцах нэг өдөр байсан ч ядраад зүгээр л зүгээр суухаар шийдсэн. Ингээд үүрээр Камбожын Сием Рипийн зүг автобусандаа суугаад хөдөлсөн дөө. Автобусандаа харин их таатай цөөхүүлээн дээр жолооч нь найрсаг, бас сам хорхойтой будаа өгөөд л гоё явсан.

Тэгэж байгаад Бангкоктой, алдарт Паттаяа аралтай, бас Тайландын соёл уламжлал, ард иргэдтэй нь нэг сайн танилцана гэж найдна. Айлд хонож чадаагүй болохоор танилцсан хүнгүй, түүнийгээ дагаад Тайланд соёлын онцлогийг мэдэрч чадаагүй ч сайхан амралт, гоё туршлага болсон Тайланддаа баярлалаа.

Тайланд улсаар аялсан, амарсан 3 шөнө, 4 өдрийн аялалд үзсэн газар, зарцуулсан мөнгөн дүн, түүний задаргаа /1 хүнийхээр/:

Үзсэн газар: Phuket- Karon арал, Бангкокын цэцэрлэгт хүрээлэн, Ayutthaya түүхэн хот

Төлөвлөсөн ч үзэж чадаагүй газар: Big buddha, Phiphi арал

  1. Тээвэр:
    1. Малайзын TBS зогсоолоос Тайландын Hat Yai-руу автобусаар: 54100 төгрөг+12500 төгрөг /шимтгэл/ – 12GoAsia-гаар онлайн захиалга хийсэн. 12 цаг явдаг
    2. Hat Yai-гаас Phuket хүртэл minibus – 450 батт. 8 цаг явдаг
    3. Phuket-ээс Karon аралруу таксигаар – 275 батт. 40 минут явдаг. (Нийт 550 батт болсон. 2-уулаа тул хувааж төлсөн.)
    4. Phuket-ээс Bangkok-руу автобус – 73060 төгрөг /12GoAsia-гаар онлайн захиалга хийсэн/ 10 цаг явдаг.
  2. Буудал: Хостэлд 2 хоног – 369,5 батт
    1. Бусад өдрүүдэд нь автобусанд, автобусны терминалд хоносон.
  3. Үзвэр үйлчилгээ:
    1. Карон арал дээр шүхрээр нисэх үйлчилгээ /Parasailing/ – 1100 батт
    2. Массаж – 300 батт
    3. Аюуттаяагаар аялах түк түк-650 батт /2 хүн хуваасан. Нийт 1300 батт/
    4. Цүнх хадгалах үйлчилгээ: 55 батт
  4. Хоол:
    1. Нийт – 823,5 батт
  5. Бусад /Худалдаа& дэмий гаргасан зардал/:
    1. Нийт – 135 батт
  • Ингээд нийт 5700 орчим баттын тэмдэглэлтэй байгаа ч 20 орчим долларын тооцоо жаахан зөржээ хаха. Яасныг бол мэдэх юм алга. Бодоход тооцоогоо 2 хуваагаал, болиол, тэмдэглэхээ мартаал явснаас гарцаагүй.
  • Мөн Камбожруу явсан автобусны үнийг оруулаагүй. Учир нь Камбожруу очих гэж гаргаж байгаа зардал тул Камбожын зардалд орсон байгаа.
  • Ингээд миний хувьд Тайландад ойролцоогоор дээрх тооцоогоор бол 5710 батт болж байгаа ч үнэндээ нийт 212,7$ үржээ.

За цуврал бичвэрийнхээ 7-р хэсгээр Тайланд улсын Пукетын Карон арал болон Аюуттаяа хотоор аялсан өөрийн туршлагаасаа бичлээ. Дараагийн буюу Камбож улсаар аялсан бичвэрээр уулзъя.
Нэг хүнд ч гэсэн хэрэг болвол зарцуулсан цаг минь утга учиртай болох билээ.

Дараагийн бичвэрээр уулзацгаая.