Энэ жил Монгол улсад маань дэлхийн алдарт “Got Talent” нэвтрүүлгийг Монгол HD телевиз маань маш том зориг гарган франчайз хийн зохион байгуулж билээ. Дэлхийн түвшний шоу цаанаа л сайхан байгаа биз. Монгол HD телевиз сайн ажиллаж байна гэж бодож байгаа. Зарим нэг жижигхэн сажигхан зүйлийг эс тооцвол тун сэтгэл хангалуун байгаа шүү.

Тэр жижигхэн сажигхан зүйлс нь юу гэвээс”Зөгнөлт” гэсэн тодотголтой кино үзчээд шаал амьдралгүй кино байна, “Триллер” гэсэн тодотголтой кино үзчээд аймшгийн юм байхгүй байлаа гэдэг хүмүүс их л дээ. “Авъяаслаг Монголчууд” ШОУ нэвтрүүлэг гэж байгаа бол ШОУ талаа л барина аа гэсэн үг. ”GOT TALENT”-ууд хэрвээ “ҮНДЭСНИЙ” нэвтрүүлэг байсан бол харин “авъяасгүй ч гэсэн далдганаж” байгаад тэнцдэг хүмүүсийг ад үзэж болж байна. Шоу л бол Шоу. Хэн массыг хөгжөөж байна, хэн тэдний хүсч буй зүйлийг өгч байна, хэн тэдний амыг нь жинхнээс нь ангайлгаж байна, бүүр болохгүй бол хэн тэдний нүдийг хуурч байна, хэн тэдний сэтгэлийг яаж ийгээд хөдөлгөж байна тэр л ялна, учир нь энд ч бас нуль авъяас явж байдаг. Зорилгыг яах гэж тавидаг вэ гэвэл тэр дотор, түүний төлөө ажиллах гэж тавидаг. Харин энэ хүрээнд бол би тэр дугуйчин, шидтэн шиг шидтэн, графитаар /яаж бичдийн бол?/ бичдэг залуучуудыг тэнцүүлээгүйд гайхдаг.

Энэ зорилгыг нь ойлгодоггүй хүмүүстэй би нэг зүйл дээр санал нийлдэг. Магадгүй олон хүн одоо ярих гэж байгаа зүйл дээр надтай санал нийлэх байх. Шүүнэ гэдэг маш мэдрэмжтэй, боловсролтой, хүнлэг, ёс зүйтэй хүний хийдэг ажил. Нэг үгээр хэн дуртай хүний хийх ажил биш. Мэргэжилдээ л сайн байна гэдэг нь тэр хүн тэр талын юм бүрийг шүүж чадна гэсэн ойлголт биш шүү дээ… Хийлч Дээгийг миний хувьд хийлчээр нь л мэддэг байлаа. Тэр бодолтой минь л үлдээчихгүй яав даа гэж ер нь бараг үзэх бүртээ л боддог болсон. Шулуухан хэлэхэд “Авьяаслаг Монголчууд” шоу Дээгий хийлчийн өөр өнцгийг ард түмэнд харуулж байгаа. Мэдээж энэ нь нэвтрүүлгийн хамт олонтой ямар ч хамааралгүй болно. За “Mongolia’s Got Talent”-ийн хувьд нэг иймэрхүү л бодолтой байгаа даа.

Харин энэ бичвэрийг бичих болсон шалтгаан маань дээрхээс арай өөр л дөө…

Мөнгөтэй байгаад тэгээд түшсэн газар нь сайн байвал хүмүүс тэр чинээгээрээ сайн юм хийгээд л байна. “Авьяаслаг Монголчууд” бол маш том зах зээлээс эхээ татаж байгаа бас маш их өртгөөр босч байгаа шоу. Universe Best Songs бол дэлхийн энд хүрэхгүй ч гэлээ энэ шоу нэвтрүүлгийн өрсөлдөөнийг анх эхлүүлж чадсанаараа, жил бүр зохион байгуулалтаа алдалгүй явснаараа л одоо хүний ад болтлоо хэлүүлээд байгаа бор зүрхээрээ нэвтрүүлэг. Техникийн том эх сурвалжын зөвлөгөөгүй тэр л телевизийнхний хүчээр л (Спонсоруудыг эс тооцов) цацагдаж байсан нэвтрүүлэг. Өнөөдөр Монголын хаана ч ийм олон жил тасралтгүй, тэгээд байнга сайжирсаар ирсэн, шилдэг оролцогчиддоо ЭЭЛТЭЙ, олон үзэгчтэй нэвтрүүлэг Монголд байгаагүй. Монгол HD телевизэд бүхэл бүтэн “Гацуурт” ба тэдний охин компаниуд бэлэн ивээн тэтгэгчээр байдаг бол UBS-д тийм бэлэн баян компаниуд байхгүй шүү дээ. Энд хэн нэгнийг муулах гээгүй, сайлах гээгүй. Хүмүүсийн хандлагыг л хэлэх гэсэн юм.

000

Яагаад заавал нэгийг магтахын төлөө нөгөөг шүүмжлэх ч биш бүр муулдаг юм, яагаад зүгээр л адилхан Монголчууд сэтгэлээ гаргаад хийгээд олон жил босгосоор ирсэн тэр их ажлыг доромжлолоор хээв нэг нураах гээд байдаг юм болоо. <Хорвоо чи Universe Best Songs-н шилдгүүдэд цадах болоогүй юу?> энэ тэр. Үгүй яахав дээ, бид үздэггүй байж болно. Гол нь манайх шиг жижиг зах зээлтэй урлагаар үнэхээр явъя гээд шийдээд шатаад явж байгаа АВЬЯАСТАЙ хүүхдийг гадныхан шиг 100% ээлдээ аваад бүх юмыг нь заагаад, засаад ,удирдаад явах чадалтай байгаа энтертайнмент, компани байдаггүй биз дээ. Тэгэхээр ямар ч хүн арай үр дүнтэй баталгаатай аргаар нэг ч гэсэн дуутай болъё, сайн хүнээр нэг дуу зохиолгуулаад, санаа зовох юмгүй стандартад нийцэхүйц ядаж нэг клиптэй болъё, тэгээд мэргэжлийн хүмүүсийн хараанд өртөж продюсертай, цаашлаад гар нийлсэн багтай болохыг мөрөөдөж, зүтгэж яваа хүн бүр л хүснэ ш дээ. Эцсийн дүндээ тэр бодлыг биет болгоход хамгийн ойртуулж өгдөг нь UBS л байсан. Шилдэг оролцогчидоо кинонд тоглуулна, тоглолтонд оруулна, телевизийн хэд хэдэн нэвтрүүлгээр гаргана, сэтгүүл дээр ярилцлага өгүүлнэ, кино концерт, баярын нэвтрүүлгүүдэд оролцуулна, өөрсдийн дуутай болоход тусална. Мэдэхгүй юм даа, би тийм олон хүнийг тэгэж сайн зохион байгуулж шат дараатай олон ажлаар өөрийг нь хөгжүүлдэг газар өөрийг сайн мэдэхгүй юм.
“Авьяаслаг Монголчууд” дээр нэг англи дуудлага нь сайн хүн орж ирээд дуулахад, нэг чадалтай хоолойтой хүн ороход шууд л Universe Best Songs цаашаа гэх юм. Гүйээ нээрэнгээсээ 6 жилийн дотор оролцсон тэр олон зуун дуулдаг хүмүүс дунд тийм хэмжээний хүн байхгүй байсан гэж боддог юм байхдаа, үгүй байлгүй дээ. Үнэндээ би ч Universe Best Songs-ийг үздэггүй байсан. Гэхдээ “Авьяаслаг Монголчууд” дээр дуулсан оролцогчидтой эн зэрэгцэх, бүр даваад гарахуйц хоолойтой залуус байсныг бага сага мэднэ, илүү оролцогчид байсанд ч бат итгэдэг.

Жишээ нь: TOEFL бол тэнцсэн, тэнцээгүй гэж байдаггүй зарчмын хувьд түвшин тогтоох шалгалт. Англи хэлээр энгийн нэг өдөр тутмын харилцаанаас хэтрэхгүй ойлголцдог хүн “би хэлтэй” гэж ярих тохиолдол бишгүй олон. Тийм явдлыг ийм шалгалтуудаар цензурлаж өгдөг. Үүнтэй адил миний бодлоор UBS энэ үүргийг бас гүйцэтгэдэг гэж боддог. Би ч караокед аз болоод хоолойнд таарсан хэдэн дуу олж дуулаад өөрийгөө чаддым байна гээд бодчоод “Бииии дуулчдымаа” гээл тэглээ. Яадаг юм, угаасаа тогтсон жишиг, цензур байхгүйм чинь, тийм биз дээ. Аль ч зүйлд нэг цензур байвал худал нь үнэнээс, хуурамч нь жинхнээсээ ялгарч хүмүүс зөв сонголтыг зөв хандлагыг бий болгодог.

Зарим нь “Монголын тал нь урлагийн хүн боллоо” гэдэг. Урлаг хатуу. Чадахгүй нь аяагаараа шахагдаад, чаддаг нь шовойгоод л шигшигдээд л тунаад л байна. Аль ч салбарт ийм зах зээлийн шүүлтүүр ажиллаад л байдаг. Бүгд дуулахын хувьд яадаг юм бэээ, Монгол түмэн нийтээрээ сайн дуулдаг байвал сайхан л биз дээ. 3 сая Монголчууд бүгд дуулдаг байя. Тэгвэл тэдний сонсдог дуучид нь дунджаас улам л дээгүүр болно. Яагаад байж болохгүй гэж. Хүмүүс жааахан сонирхоод эхэлсэн болгоныг <заа Монголчууд бүгд тийм болох нь дэээ>… ядуу сэтгэлгээтэй гэж хэлнэ! Чадаж л байвал, тэгээд тэр нь бусдад, нийгэмд, ирээдүйд гай болохгүй бол яахав дээ. Чадах хүртлээ явна л биз, оролдоно л биз, зүтгэнэ л биз, урагшилна л биз.

“Энэ нэвтрүүлгийг хэт их үзээд цадчаад пологдчоод уйдчаад байна”, “Урлагийн нэвтрүүлгүүд хэт олон, хийдэг сэтгэдэг нь багаслаа” л гэлцэх юм. Тэгвэл хийдэг сэтгэдэг хүмүүсийн “Залуу зохион бүтээгчид” гээд нэвтрүүлэг байдаг. Тэгвэл тэнд хүмүүс жинхнээсээ хийгээд, сэтгээд, үйлдвэрлээд байна. Тийм юм бол тэднийг яагаад дэмжихгүй байна, мөнгөнөөс болж жил бүр ч тасралтгүй зохион байгуулагдаж чадахгүй байхад яагаад хүмүүс “Энэ нэвтрүүлэг хайччихав? яагаад явагдахгүй байна?” гэж нэхэхгүй байгаа юм бэ? Үнэндээ залхсанаа дуудаад байдаг мөртлөө хүмүүс Universe Best Songs-ийг үзээд л байдаг, хэрэгтэй байгааг нь яриад л байдаг хирнээ “Залуу зохион бүтээгчид”, “Робокон”-г хэн ч үздэггүй, хэн ч дурсдаггүй. Аль нь ч байсан зүгээр л БӨӨӨӨӨН ХЭЛБЭР.
Иймэрхүү хувь хүний хөгжлийн асуудал дээр ийм фразит зан гаргамааргүй. Нийгмийн чиг хандлага, сэтгэхүй, эдийн засагт, эрүүл мэндэд нөлөөлөхгүй асуудал шүү дээ. Бодолц л доо. Байгаа нэгнээ дэмжъе. Дэмжиж чаддаггүй тийм татанги хэл ам, бодол сэтгэл, гар хөлтэй бол татангиараа үлдээд ядаж буруу биш юм хийдэг хийж яваа адилхан Монгол хүмүүсээ, Монгол баг хамт олныг битгий доромжилж, үгүйсгэ л дээ.
Нэгийг магтахын тулд заавал нэгийг устгах шаардлага хэн хэнд нь байхгүй л баймаар. Аль нь ч байсан хоёулаа сайн, оролцогчиддоо ээлтэй сайхан нэвтрүүлгүүд. Бид нар бүгдээрээ авьяастай!!!